Ухаарал чэх шиг
by Zangga
Таксинд суугаад хүрэх газраа хэлнэ. Жолооч олон долоон үгтэй хүн байж таараад баахан юм ярих нь төвөгтэй, гэхдээ дүлий дүмбэ оргих ч бас хэцүү. жолоочийн ярианы цаанаас FM-р нэг шүлэг яваад байв. Үргэлж сажлуулж явдаг чихэвчээ салгаад нэг чихээрээ жолоочийн яриа нөгөө чихээрээ энэ шүлгийг сонслоо. Гэрийнхээ гадаа ирээд хэд гарсан гэж асуухаар гарах ёстойгоос 800 төг илүү хэлэх. Машинд нь суугаад сайхан шүлэг сонссон болохоор хэлсэн тоог нь л өгөөд хэрүүл хэлцэлгүйхэн шиг буулаа.Үнэхээр сэтгэлд хүрэх шүлэг санагдсан юм. Ялангуяа :
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур гэдэг 2 мөр нь.
Аз жаргал гуйлгачин шиг
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...
Б.Энхтуяа
1996